Сэтгүүлч хүн гэдэг ямагт улс орныхоо тэргүүн шугаманд зогсож ард түмний дуу хоолой болж байдаг. Сэтгүүлчийн бүтээл туурвил нь улс төрийн өнгө аяс эх орноо гэсэн агуулгаар дүүрэн байж нийгмийн давхарга бүрийг сэхээрүүлж байх нандин үүрэг гүйцэтгэдэг. Иймд сэтгүүлч цаг ямагт суралцаж өөрийн үйл ажиллагаагаар нийгмийн үйл явын гүнд орж түүнийг тал бүрээс нь нарийвчлан судлах хэрэгтэй. Мөн сэдвийн боловсруулалт зохиомж, хэл найруулгын ур чадварыг сайн эзэмшсэн байх ёстой. Сэтгүүл аливаад ухаалаг хэрсүү хандаж, ард түмний эрх ашгийг ил чөлөөтэй үнэн зөвөөр хамгаалж, улс төрийн бодлогыг ард түмэнтэй зөв холбож байх учиртай. Сонин хэвлэл, сайтын мэдээ, радио телевизийн нийтлэл нэвтрүүлгийн үр нөлөө нь уншигч, үзэгчдын сэтгэл зүрхэнд хүрч оюун санаанд хэрхэн нөлөөлөх нь сэтгүүлчийн ур чадвараас шууд хамаарна.
Материал боловсруулахдаа шинжлэх ухаан, бодит байдал хоёрыг нэгтгэн гол хэрэгсэл болгох үгийг маш уран яруу сонсголонтой найруулж үнэн утгыг бүтээх хэрэгтэй. Амьдралаас сонгон авсан баримтандаа тулгуурлан бичлэгийн өндөр шаардлагатай бүтээл гаргаж олон нийтэд хүргэх нь чухал. Хүн төрөлхтний түүхэнд “сонин” үүссэн хөгжих явцдаа нийтлэлийн ертөнцөд бичлэгийн төрөл зүйл бий болсон. Нийтлэлийн бичлэгийн төрөл зүйл нь уран зохиолын онолын адил цаг ямагт нэг байрандаа зогсдоггүй, хөгжлийн явцаар арга техник нь өөрчлөгдөж байдаг. Мэдээллийн төрөл зүйлд мэдээ, тайлан мэдээ сурвалжлага зарим сурвалжилсан тэмдэглэл тойм төрөл бүрийн ярилцлага орно.
Нэгд: нийгмийн амьдралын үнэн бодит зүйлийг хурдан шуурхай мэдээлдэг.
Хоёрт: мэдээлэх танин мэдүүлэх үүрэгтэй. Мэдээ бол ямар нэгэн болсон үйл явдлын тухай товч мэдээлэл өгнө.
Сурвалжлага буюу ярилцлага нь цаг үеийн чухал үйл явцтай дэлгэрэнгүй танилцуулж болж байгаа үйл явдлын ач холбогдлыг тайлбарлан зохих үнэлт дүгнэлт өгдөг ба танин мэдүүлэх мэдээлэл өгөх ач холбогдолтой.
Редакторлах арга зүй
Редакторлах гэдэг үг латин хэлний redigo, redactum – “засах, залруулах” гэсэн үгнээс гаралтай нэр томъёо бөгөөд хожим “цэгцлэх, үнэмшүүлэх, ойртуулах, хүргэх” гэсэн утгыг давхар агуулах болжээ. Орчин үед редакторлах ажлыг төрөл бүрийн бичмэл утга зохиолын эхтэй ажиллах явдал гэж ойлгож болно. Редакторлах зүйг толь бичгүүдэд: “Зохиогчийн гар бичмэлийг хэвлэлд бэлтгэх ажлыг редакторлах зүй гэнэ. Редакторлах зүй нь бүтээлийн агуулга, түүний бүтэц, арга барилд гарсан алдаа мадгийг арилгахад чиглэгдэнэ. Түүнчлэн сонин, сэтгүүл, уран зохиолын цомирлог зэрэг тогтмол хэвлэлийг удирдах үйл ажиллагааг редакторлах зүй хэмээнэ” (211.5) гэж тодорхойлсон байдаг. Дээрх тодорхойлолтыг үндэслэн ном, тогтмол хэвлэлийн үйл ажиллагааг удирдах, бүтэц зохион байгуулалт, агуулга чанарыг сайжруулах, хянан найруулж, хэвлэлд бэлтгэх зорилго бүхий утга зохиолын ажлын тодорхой нэг салбарыг редакторлах зүй гэж нэрлэж болно. Редакторлах зүйн зорилго нь олон нийтэд зориулж буй утга зохиол, сэтгүүл зүйн аливаа бүтээлийн агуулга хэлбэрийн нэгдлийг хангах, онол уран сайхны өндөр төвшинд байлгах, үг үсэг, хэл найруулгын ямар ч алдаа мадаггүй гаргах, ном хэвлэлийг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн удирдах, уран бүтээлчдэд сайн чанартай бүтээл туурвихад туслахад оршино. Редакторлах зүйн судлах зүйл нь утга зохиол, сэтгүүл зүйн бүтээлийн эхийг хэвлэлд бэлтгэх, зохиогчийн гар бичмэл дээр хийх хянан найруулах ажил, хэвлэлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргах, хянах арга технологи, ном, хэвлэл мэдээллийн газрын бүтээлч ажлыг удирдах, төлөвлөх арга барил зэрэг болно.
Редакторлах зүйн зарчим (Принципы редактирования. Principles of Editing). Редакторлах ажлын онол, практикаар шалгагдаж, бодит үр дүнгээ өгч буй зүй тогтлуудын төвлөрсөн илэрхийлэл, хянан найруулах үйл ажиллагаа явуулахад баримтлах арга зүйн үндэс мөн. Редакторлах зүйн үйл ажиллагаа нь олон нийтэч, ил тод, шинжлэх ухаанч, үнэн бодитой, хүнлэг байх зарчмуудын үндсэн дээр явагддаг. Хамгийн гол зарчим нь олон нийтэч байх зарчим юм. “Утга зохиолын бүтээл нь хүмүүсийн аж амьдралын үнэн байдал, бүтээн байгуулах их үйлс, шударга зөв үзэл санаа, хүсэл эрмэлзлийг жигд тусгаж чадсанаар л жинхэнэ олон түмэнч байх бололцоотой билээ. Ийнхүү олон түмний санаа бодол, сонирхол таашаалд нийцүүлэх үйлсэд хувь нэмэр оруулдаг чанар нь редакторлах зүйг олон түмэнч болгодог” (63.48). Редакторлах зүйн ил тод байх зарчмын мөн чанар нь улсын нууцаас бусад бүх мэдээлэл чөлөөтэй дамжих ёстой, ямар ч мэдээллийг редактор болон редакцийн газар албаны ба хувийн зорилгын үүднээс өөрчлөх, өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлж засах, зохиогчийн эрхэд бүдүүлгээр халдах ёсгүй гэдэгт оршино. Редактор ямар ч бүтээлийн шинжлэх ухааны үндэс нь зөв, оновчтой, ашигласан аливаа баримт сэлт, мэдээлэл нь үнэн бодитой байгаа эсэхэд өндөр төвшинд хяналт тавьж чаддаг боловсролтой шударга хүн байх шаардлагатай бөгөөд чухам энэ шинж чанар нь хянан найруулах ажлын үнэн бодитой байх, шинжлэх ухаанч байх зарчмыг баримтлахад нөлөөлдөг хүчин зүйл болдог. Хүнлэг энэрэнгүй байх зарчим нь зөвхөн редакторлах зүйн төдийгүй утга зохиол, сэтгүүл зүй, урлагийн бүтээлийн язгуур зарчим бөгөөд олон түмэнд зориулж буй аливаа бүтээлд хүнлэг энэрэнгүй үзлийн үүднээс хандаж, зохиогчийг хүндэтгэн үзэж, нэр төрийг нь хамгаалах, алдаа дутагдлыг нь арилгах, сайн сайхныг нь дэмжин дэлгэрүүлэхийн төлөө ажиллахад түүний мөн чанар нь оршино. Редактор тухайн бүтээлд дээрх шаардлагын үүднээс хандах нь сэтгүүл зүйн аливаа бүтээл нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж, уншигчдыг төөрөгдүүлэх, буруу зөрүү ойлголт өгөхөөс хамгаалж, үүрэг зорилгоо оновчтой биелүүлэхэд туслах болно. Редакторлах зүйн зарчмууд сэтгүүл зүйн практикт чухал ач холбогдолтой байдаг нь үүнтэй холбоотой юм.
No comments:
Post a Comment